Монголын Барилгын Үндэсний Ассоциацын 10 жилийн ойд зориулсан “Монголын Барилгын Хөгжлийн форум” болж өндөрлөлөө. Хурлын эхэнд БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн Газрын дарга Л.Батжаргал “Барилгын салбарт төрөөс баримтлах бодлого” илтгэлийг тавьсан юм. Энэхүү илтгэлийн гол агуулга болон барилгын салбарын өнөөгийн хөгжлийн талаар түүнтэй уулзаж ярилцлаа.
БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн Газрын дарга Л.Батжаргал:
-Таны илтгэлээс үндсэн хоёр зүйлийг тодруулан асуумаар байна. Нэгдүгээрт “Барилгын салбарт баримталдаг төрийн зарим эрх үүргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлэх” талаар хоёрт “Ногоон хөгжлийн бодлогыг БХБЯ хариуцах” эдгээрийг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-За баярлалаа. Өнөөдөр Монголын Барилгын Үндэсний ассоциац болон манай барилгын салбарынхан чуулж, асуудлаа ярилцан ирээдүйн төлөвлөгөө, зорилтоо тодорхойллоо. Мөн Барилгын Үндэсний Ассоциацын 10 жилийн ой тохиож байна. Энд нэг онцлох зүйл нь Монгол улсын Засгийн газрын харьяаны бүх яамдаас хамгийн анх удаа манай БХБЯ-ны зүгээс Барилгын тусгай зөвшөөрлүүдээ төрийн бус байгууллагуудад гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх эрхийг нь шилжүүлэн олгох шийдвэрийг гаргасан. Харин яг энэ талаар Монголын Барилгын Үндэсний ассоциацтай гэрээ байгуулаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Түүнчлэн Барилгын материал үйлдвэрлэгчдийн тусгай зөвшөөрлийг Монголын Барилгын материал Үйлдвэрлэгчдийн холбоонд нь олгоод дөрвөн жил болжээ. Үүнээс гадна Барилгын инженерүүдийн мэргэжил дээшлүүлэх давтан сургалтыг Монголын Барилгачдын Холбоонд шилжүүлсэн байгаа. Эдгээр бүх л ажлыг 2018 оны БХБЯ-ны сайдын зөвлөлийн хурлаар авч хэлэлцээд зөв зүйтэй шийдвэр гаргасан болохоор тухайн ажлууд гайгүй үр дүнтэй явагдаж байгааг сайшаасан. Манай Барилгын салбарынхан тун идэвх зүтгэлтэй, хаа хаанаа сайшаалтай ажиллаж байгааг хэлэхийг хүсэж байна. Иймээс Засгийн газрын бусад яамдууд ч манай энэ туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бүх л газруудад урамшуулан дэмжих саналтай байгаагаа бидэнтэй уулзах үеэрээ хэлсээр байгаа юм.
-Та миний асуусан Европ даяар тэргүүний шинэ технологи болчхоод байгаа Ногоон барилга байгууламжийг Монголдоо далайцтай нэвтрүүлэх, арга технологийг нь ч цоо шинэ төвшинд гаргах талаар БХБЯ-ны зүгээс ямархуу арга хэмжээ өрнүүлж байгаа талаар хараахан дурдсангүй?
-Ногоон барилга байгууламж гэдэг нь одоо дэлхий нийтийн өмнө тулгамдан босч ирээд байгаа далайцтай том төсөл, хөтөлбөр юм. Хамгийн сүүлийн байдлаар манай БХБЯ-ны дэд сайд Б.Мөнхбаатар “Ногоон барилгын зөвлөлийг ахлан удирдах нь зөв зүйтэй юм байна” гэдэг дээр санал нэгдээд байгаа. Ингэж гэмээнэ “Ногоон Барилга Байгууламж”-ийн асуудлыг үнэлж, олон талаас нь ярилцах нэгдсэн цогц бодлого бүрэлдэх боломжтой юм.
-Тэгвэл Ногоон барилгын технологийг дэлгэрүүлэн нэвтрүүлж, байгалийн баялгийг хамгийн бага ашигладаг, байгалийн үрэгдэж дуусах нөөцийг арвилан хэмнэж буй Аж ахуйн нэгжүүдийг урамшуулан тэтгэх, дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа юу?
-Энэ талаарх тусгай бодлого гарч, хэрэгжүүлж байна. Бидний зүгээс Ногоон барилга байгууламж гэхээрээ Сэргээгдэх нөөцийг л хамгийн ихээр дэмжих ёстой гэдэг бодлого боловсруулж, тэр талаар ч дэмжлэг үзүүлэх чиглэлтэй ажиллаж байгаа. Жишээлбэл нарны болоод, салхины эрчим хүч зэрэг Сэргээгдэх бүхнийг бид дэмжих учиртай. Яг тэдгээртэй холбогдуулаад энэ талын хэмнэлт гаргаж буй “Аж ахуйн нэгж”, байгууллага болгоныг дэмжих ёстойг Ногоон барилгын Бодлогын зөвлөл дээр ярилцаж байна. Мөн эдгээртэй холбоотой гарсан бодлого, шийдвэрүүд ч нэлээн олон байгааг хэлье.
-Орон сууцны томоохон хорооллууд баригдаж буй болон дахиад олноор баригдах талаар нэлээн баримт дурдлаа. Тэдгээр томоохон хорооллууд ойрын хэдэн жилд хэрэгжих төслүүд вэ?
-Эдгээр төслүүд нь 2019-2023 оны хооронд хэрэгжиж эхэлнэ. Мэдээж залгуулаад Улаанбаатарт болон 21 аймгийн төвүүдэд Орон сууцны том төслүүд хэрэгжээд явна. Нийтдээ 7056 айлын Орон сууц болон дээрээс нь нэмэгдээд 1008 айлын сууц гээд явах болно. Өөрөөр хэлбэл арван мянга гаруй айл өрхүүд шинэ Орон сууцанд орцгоож, тэр хэрээр ч таны саяын дурдсан Улаанбаатар хот болон 21 аймгийн төвүүдэд “Хорт утаа үйлдвэрлэдэг” айл өрхүүдийн тоо нэлээн хэмжээгээр багасна.
-Шинээр ашиглалтад орж буй Орон сууцны барилгууд нэлээн үнэтэй учраас орлого багатай, урьд өмнөх 30 хувийн урьдчилгаанд хамрагдаж чадаагүй төрийн албан хаагчдын зүгээс энэ талд нэлээн шүүмжлэлтэй хандаж “Орон сууцны метр квадратын үнийг тогтвортой буулгаач ээ” гэсэн шүүмжлэл, хүлээлтэй байгаа. Энэ талаар БХБЯ-ны зүгээс ямархуу шийдвэр гарган, ажиллаж байгаа бол?
-Одоогоор баригдсан барилгуудын үнийг яг тодорхой төвшинд барина гэхээр олон асуудал гарч ирдэг. Бид одоогийн байдлаар бидний зүгээс судалгаа хийгээд үзэхээр барилгын дундаж метр квадратын үнэ ханш нь 1.5 сая орчим төгрөгт хэлбэлзэж байна. Та бүхний мэдэж байгаагаар өмнө нь баригдсан барилгуудын үнэ ханш нь нэлээн хөөрөгдсөн. Харин одоо баригдаж бэлэн болсон барилгуудын метр квадратынх нь үнэ аажим аажмаар хэвийн төвшиндөө бууж ирсэн. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд бидний зүгээс Орон сууцны хорооллууд барьж байгаа Барилгын компанийн эздүүдэд “За та нар барьж байгаа Орон сууцныхаа метр квадрат бүрийг 500 мянгаас нэг сая төгрөгөөр үнэлж ард иргэдэд худалдан борлуулаарай” гэх юм бол тухайн барилгын чанар, стандартад ихээхэн ноцтой шалтгаан үүсэх боломжтой, ихээхэн муу үр дагавартай.
Мэдээж тийм асуудал үүсгэхгүйн тулд ч бидний зүгээс “Та нар барьж байгаа Орон сууцнуудынхаа чанар, стандартыг дээд зэргээр мөрдөх ёстой” гэсэн гол шаардлагаа л тавьдаг. Монголын төрөөс Орон сууцны барилгуудын метр квадрат болгонд барьж байгаа гол бодлогыг манай ТОСК хэрэгжүүлж, Орон сууцны барилгуудын метр квадрат болгоныг нь 1.2 саяас 1.3 сая орчимд үнэлж, түүнээс гадна манай иргэдийн олонх нь Түрээсийн Орон сууцанд шилжин орох бололцоо нөхцөлөөр хангагдаж эхлээд байгааг та бүхэн анзаарч, мэдэрсэн л байх хэмээн бодож байна. Бас нэг зүйлийг онцлоход тухайн хувийн хэвшлийнхэн барьж байгуулсан Орон сууцныхаа үнийг дур мэдэн хөөрөгдүүлэх нь эргээд том зөрчил үүсгэж, асуудал ч дагуулаад байгаа юм.
-Өнгөрсөн онд Барилгын салбарт төрийн зүгээс үзүүлсэн хөрөнгө оруулалт нь тухайн барилгуудын төрөл бүрээс хамааран нэлээн ялгаатай байжээ дээ?
-Тийм байсан гэж ойлгож болох л юм. Гэхдээ 2016 онд Монголын Барилгын салбарын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 949.1 тэрбум төгрөгт л эргэлдэж байсан бол 2018 онд дээрх тоо гайгүй нэмэгдэж, нэг их наяд, 45.2 тэрбум төгрөгт хүрсэн байдаг. Мөн Үл хөдлөх хөрөнгийн талд нэг их наяд, 779.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна лээ. Харин Орон сууцны барилгуудад нэг их наяд, 200.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан бол Орон сууцны бус барилгуудад нэг их наяд, 395.2 тэрбум, инженерийн барилга байгууламжуудад нэг их наяд 65.1 тэрбум, их засварын ажилд 94.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтуудыг тус тус хийсэн байдаг.
Энэ 2019 оноос 2029 он хүртэл төрөөс барилгын салбарт хамгийн гол нь ямар ямар бодлогуудыг эн тэргүүнд баримтлахаар 2016 онд баталсан хуулиндаа тусгасан юм бол?
-Энэ талаар тодорхой тайлбарлавал Монгол Улсын нийт хот суурингийн хүн амын Орон сууцны хангамж мэдэгдэхүйц сайжирч нийт өрхийн 60 орчим хувь нь чанар стандарт нь энгийн нөхцөлөөс дээш үзүүлэлттэй нийтийн болон амины орон сууцаар хангагдахаар тусгагдсан. Мөн улсын хэмжээнд нэг хүнд ногдох сууцны дундаж талбай 7.5 метр квадрат болж ажилгүйдлийн төвшинг бууруулахад барилгын салбар мэдэгдэхүйц нөлөөлнө. Барилгын салбарын төрийн байгууллагуудаар нь авч үзвэл эрс өөрчлөлт орж,салбарын бодлого үйл ажиллагааны шинэчлэлт зургаан чиглэлд хийгдсэнээр төрийн оролцоо,зохицуулалт,орон тоо зардал 20-30% багасах юм.
Хамгийн гол нь төр хувийн хэвшлийн түншлэл жинхэнэ утгаараа хэрэгжиж,төрийн үйлчилгээ, төрийн захиалгыг ТББ-ууд гэрээлэн гүйцэтгэдэг дэг журманд үндсэндээ бүрэн шилжинэ. ТББ-уудын мэргэжлийн чадамж,эдийн засгийн чадамж дээшилж,гишүүддээ үйлчилдэг үйлчилгээний чанар байдал нь ч мэдэгдэхүйц сайжирна.
Барилгын компаниудын зах зээлийн арга хэрэгслээр бизнесээ хөгжүүлэх боломж нэмэгдэнэ, ажлын зах зээлд өрсөлдөх нөхцөл, шударга зарчим хэрэгжиж, дотоод гадаадын хөрөнгө оруулах нөхцөл бүрдэж, бизнесээ итгэлтэй төлөвлөж, компаниа өргөжүүлэх, шинэ техник технологи эзэмших, бүтээгдэхүүнээ борлуулах менежмент, маркетингийн чөлөөт байдал бий болно. Барилгын зөвшөөрөл бүртгэлийн тогтолцоонд шилжих, мэргэжлийн улсын хяналт өмчийн эзний үүрэг хариуцлагад суурилсан зөвлөх үйлчилгээний хяналтад шилжиж төрийн хүнд суртал чирэгдэл үндсэндээ байхгүй болно. Барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн цахим системийг, нэгдсэн дата баазын хамт ашиглах эрх нээлттэй болж, тендерийн үнийн хэт ялгарал байхгүй, хүний оролцоо байхгүй болсноор шударга өрсөлдөөний нөхцөл бүрдэх юм.
-Эцэст нь асуухад 2019-2023 онд хэрэгжих төрийн бодлогын хүрээнд нийтдээ хэдэн мянган айл ая тухтай Орон сууцаар хангагдах нөхцөл бүрдэх вэ?
-За тус тусад нь тоочвол энэ дөрвөн жилд Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 20 мянга, Түрээсийн Орон сууцаар 18.488, Амины Орон сууцаар 75.000, ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг шинэчлэн сайжруулснаар 3000, Зах зээлийн Орон сууцаар 10.765, Дагуул хотод баригдах Орон сууцаар 22.747 айл Орон сууцтай болж, ер нь нийтдээ ирэх дөрвөн жилд 150.000 айл өрх тохилог Орон сууцаар хангагдах зорилтыг төрийн бодлогын зүгээс тавьж, хэрэгжүүлэх болно.
-За дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа?
-Харин ч төрөөс баримтлах Барилга, Орон сууцны талаарх бодитой мэдээллийг уншигчдадаа танилцуулж байгаа танд гялайлаа...
Эх сурвалж: Property сэтгүүлийн 53-р нүүр
Хэрэв хэд хэдэн компани нийлэн гүйцэтгэсэн төслийг бүртгүүлэх бол заавал оролцон гүйцэтгэсэн компаниудад мэдэгдэн зөвшөөрөл авсан байх ёстой ба хэрэв хэд хэдэн компани ижил төслөөр оролцох тохиолдолд хоорондоо тохиролцон төслийн зохиогчийн эрхээр нэг л компани бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.
Зохион байгуулагчдын зүгээс хамгийн эхэнд бүртгүүлсэн компанийг бүртгэх болно. Компани хооронд зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.