“Барилгын Хөгжлийн Төв”- ийн “Зураг төсөл, Магадлалын хэлтэс”-ийн дарга Э.Хангал:
Манай сэтгүүлийн урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Өнөөдөр 21 аймаг, нийслэлийн өнцөг булан бүрд баригдахаар Улсын төсвөөс хөрөнгө мөнгө нь батлагдсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд маш олон барилгын дийлэнх нь зураг төсөв нь хийгдээгүй байгаа. Мөн одоо болтол танай магадлалаар орж батлагдаагүй “Зуун задгай” явж буй нь нэлээн асуудал дагуулж байгаа болов уу?
Үнэхээр л таны асууснаар “зуун задгай” явж байгаа нь үнэн шүү. Жишээ нь: Улаанбаатар хотын хувьд яг одоогоор баригдах ёстой барилгын ганц ч зураг төсөв “Үүнийг магадлан шалгаж батлаад өгөөч” гээд орж ирээгүй л байгаа юм. Энэ онд ажил нь эхлэхээр улсын төсөвт мөнгө нь тавигдчихсан тэр олон барилгын жагсаалтаас одоогоор тодорхой тоо хэлэх юм бол тав хүрэхгүй хувь нь л манайхаар магадлагдсан. Гэтэл одоо тендер зарлагдчихсан, ажил эхэлсэн байх хугацаа өнгөрөөд явж байна л даа. Нарийн яривал Монгол Улсад барилгын ажил зун, намрын хэдхэн сард л үргэлжлээд зогсдог гэдгийг бүгд л мэднэ. Одоо бодит байдал цагаа тулахаар ийм л хүндрэлтэй болоод байна.
Таны бодлоор тогтоол шийдвэрүүд нь УИХ, ЗГ-ын зүгээс дэмжигдэж, улсын төсвөөр баригдахаар шийдвэр нь гарчихсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд энэ олон барилга баригдахгүй удаашрах нь ямар үр дагаварт хүргэх вэ?
Монгол Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж буй сургууль хэд байгаа билээ. Аймгуудад шаардлагатай байгаа цэцэрлэг, эмнэлгүүдийн тоо нэлээдгүй байна. Гэтэл захиалагч “Барилга Хот Байгуулалтын Яам”-ны 133 төсөл арга хэмжээний хорь нь л зураг төслөө магадлалаар оруулсан байгаа юм. Гэтэл Монголчуудын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалдаг “Эрүүл Мэндийн Яам”-ны төсөл арга хэмжээний зургаахан хувь нь л магадлалаар орсон. Харин үлдсэн 94 хувь нь зураг төсөл, төсөвгүй учраас магадлалаар орж батлагдаагүй. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг сургууль, цэцэрлэгээр хангах үүрэгтэй “Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан, Спортын Яам”-ны захиалгатай 368 төсөл арга хэмжээ байгаагаас 15 хувь нь л магадлалаар орсон. Үлдсэн 85 хувь нь огт магадлалаар ороогүй. Үндсэндээ бол энэ бүх төлөвлөгдсөн төсөл хөтөлбөрүүд 2018 онд батлагдчихсан байх ёстой байсан. Гэтэл манайд эсрэгээрээ явж байгааг юу гэж ойлгож, ямар дүгнэлт хийх ёстой вэ?.
Зураг төсөл нь магадлан шалгагдаагүй ч энэ оны төсөвт хөрөнгө мөнгө нь суучихсан тэдгээр барилгуудыг яах ёстой вэ?
Яг тууштай тайлбарлаж хэлэхэд хэцүү л дээ. Захиалагч талууд энэ асуудлыг анхааралдаа авч, өөрсдийнх нь шийдэх учиртай газар олголтоо түргэсгээд, техникийн нөхцөл мөн батлагдчихсан эх загвар зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, хянагч байгууллагын техникийн нөхцөлүүд, инженер геологийн судалгааны дүгнэлт гээд зураг төслийн баримт бичгийнхээ иж бүрдлийг хангуулж, шаардлагатай бичиг баримтаа бэлэн болгож ажлаа түргэвчлэх л ёстой юм. Зураг төслөө магадлалаар оруулаагүйгээс болоод тендер нь зарлагдах хугацаа нь тулчхаад байхад газрынх нь асуудал шийдэгдээгүй олон барилга байна. Товчхондоо хэлбэл “Яг ийм барилгыг тэнд барина гээд нутаг зааж, том том яриад байгаа ч тухайн газар нь хувь хүний юм уу? аль нэгэн компаний эзэмшилд байх жишээтэй. Ингээд бөөн хэл ам, зарга шүүх болдог.
Сүүлийн үед нэлээн хүчтэй шүүмжлэл дагуулах болсон зүйл бол “аль нэг аймгийн төв, эсвэл зайдуу сумдад хэтэрхий том сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж, төсвийн мөнгийг дэмий урсгадаг” гэх яриа. Энэ асуудлаар зарим УИХ-ын гишүүд ч нэлээн шүүмжлэл хэлдэг. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Та яг миний хэлэх гээд аман дээр гарч ирээд буй чухал асуудлыг хөндлөө. Яг ийм улсын төсөв хөрөнгийг үргүй зарцуулсан олон баримт байгаа. Тухайлбал алс зайдуу сумын төвд 640 хүүхдийн сургууль барина, эсвэл техникийн өндөр шийдэлтэй эргэдэг тайзтай “Соёлын төв” барина гээд л төсвийг нь батлуулаад бүтээн байгуулалт эхэлдэг. Яг баригдаад ашиглалтад ороод эхлэхээр Соёлын төвд жилд 1-3 удаа магадгүй 10 удаа цуглаж хурал зөвлөгөөн, урлагийн тоглолт хийдэг байх нь хэвийн үзэгдэл болчихсон. Бусад үед яадаг вэ? гэхээр хов хоосон, ганц ч хүнгүй л байдаг. Мэдээж хоосон байсан учраас нөгөө их урсгал зардлаа нөхөж гүйцэхээ болиод төсөв нь ч “догонцоод” эхэлдэг. Сургууль гэхэд л тухайн орон нутагт 300 хүүхдийн сургууль хангалттай байхад 600-700 хүүхэд багтах “дэнхийсэн” том сургууль барьчихаар бас л баахан хоосон зардал урсаад явчихна. Одоо дахиж ийм замбараагүй төлөвлөлт хийлгэхгүйн төлөө “Барилгын Хөгжлийн Төв” хүн амын нутагшил, хот суурин, дэд бүтцийг төлөвлөдөг хэлтсүүдээрээ дамжуулан судалгаа хийдэг болсон. Мөн энэ асуудлаар “Барилга Хот Байгуулалтын Яам”-аар дамжуулж судалгаа тооцоон дээр үндэслэж төсвөө батлуулдаг бол дээрх замбараагүй асуудал үүсээд байхааргүй болно.
Зарим аймгийн төвүүдэд том, том эмнэлгийн барилгууд барихаар төсөв нь батлагдсан. Яг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын хувьд ямар асуудал тулгардгийг дурьдвал?
Тухайлбал 21 аймгийн дийлэнх нь эмнэлэг, сургууль бариулах хүсэлтээ явуулж, түүнийх нь дагуу төсөв захиран зарцуулах эрх бүхий яам руу хандаж судалгаагүй баахан тоо тавьчихдаг. Гэтэл түүнийг нь шууд баталчихдаг амьдралаас “хол хөндий” байдал өнөөдөр үйлчлээд байна. Уг нь холбогдох яамд нь “Барилга Хот Байгуулалтын Яам”- руу хүсэлтээ өгч, хүсэлтийн дагуу яамнаас “За үүнийг судал” гэж манайд хандах учиртай юм. Ингээд манайх хянаж нягтлаад тухайн орон нутагт 100 ортой эмнэлэгт хэрэгтэй юу? 150 ортой эмнэлэг шаардлагатай байна уу? гэдгийг судалж, үндэслэлтэй тоог төсөвт суулгах ёстой л доо. Бас нэг чухал зүйл нь яг мэргэжлийн хүмүүсийн ул, суурьтай үндэслэлтэй үгийг сонсож, ажлаа төлөвлөх шаардлагатай. Гэтэл сүүлийн үед төсөв, мөнгө ярихаар бүгд л барилга мэддэг, ухаантай хүмүүс болоод явчихдаг. Цагаа тулаад хариуцлага ярихаар мэргэжлийн байгууллагыг буруутгаад, өөрсдөө барилга огт мэддэггүй болж хариуцлагаас тал тал тийшээ зугтдаг. Өнөөдөр бүх яам барилга ярьдаг “Үнэхээрийн гажиг” тогтолцоотой болчихсон. Үүнээс болоод л дээрх гажуудал үүсэж, эцэстээ дуусахын аргагүй хэл ам, зарга шүүх болдог. Эмч нь хүнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалдаг, багш нь боловсролоо анхаардаг, барилгачид нь барилгаа л мэддэг, барьдаг байх учиртай биз дээ.
Монголын барилгын салбарт бүх л төрлийн хяналтаа тавьж, тодорхой үүрэг чиглэлээр ч хангалцаж байх учиртай “Барилгын Хөгжлийн төв”-д өнөөдрийн байдлаар хэчнээн мэргэжлийн ажилтан албан хаагчид, инженер техникчид ажиллаж байгаа вэ?
Манай “Барилгын Хөгжлийн Төв” маань гаднаас харахад дөрвөн давхар том оффист байрлаж харагддаг болохоос биш ажилтан албан хаагчдын тухайд тэгтлээ илүү гараад, баахан төрийн албан хаагч шавуулаад байгаа зүйл байхгүй. Миний тооцоолж байгаагаар 150-160 орчим ажилтан албан хаагчид Монголын Барилгын салбарын өнөөдөр болон маргаашийн их бүтээн байгуулалтуудыг хамтран босголцож байна.
Улаанбаатар хотын төвлөрлийг багасгах зорилгоор зургаан Дэд төвийг байгуулах шийдвэр гарсан юм билээ. Харин тэдгээр Дэд төвүүдийн зураг төсөл нь танайхаар хянуулж, магадлуулсан уу?
Засгийн газраас тогтоол шийдвэр нь гараад ажил нь ч нэлээн эрт эхэлчихсэн. Мэдээж зураг төсөл нь хянагдаад, магадлалаар ороод шалгуулсан. Байршлын хувьд Баянхошуу, Сэлбэ орчимд Орон сууцны хороолол баригдах боломж бүрдэж эхлээд байгаа юм. Хөрөнгө санхүүгийн хувьд ч “Азийн Хөгжлийн Банк”-ны санхүүжилтээр тухайн бүсийг төвийн дулаан, бохир, цэвэр усаар хангах инженерийн дэд бүтцийн ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Саяхан Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Одоогоор дээрх ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай явж байгаа” хэмээн хэлсэн. Мэдээж эхлээд газар доорх асуудлуудаа шийдчихвэл дээр нь нийгмийн дэд бүтцийн барилгууд, Орон сууцны хорооллууд сүндэрлэн босох нөхцөл нь бүрдээд явчихна шүү дээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тооцоолж байгаагаар “Азийн Хөгжлийн Банк”-ны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд эхний ээлжинд 10 мянган айлын орон сууц барихаар төлөвлөгдөж ажил нь эрчимтэй өрнөж байна.
Мөн иргэд барилгын компаниуд тохиролцож газраа чөлөөлөөд орон сууцны хороолол баригдах боломжийг бүрдүүлчихвэл өөрсдөө Орон сууцтай болох, Түрээсийн Орон сууцанд ч хамрагдах олон сайн талтай гэж бодож байна даа.
Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье?
Баярлалаа. Амжилт хүсье.
Эх сурвалж: Property сэтгүүл
Хэрэв хэд хэдэн компани нийлэн гүйцэтгэсэн төслийг бүртгүүлэх бол заавал оролцон гүйцэтгэсэн компаниудад мэдэгдэн зөвшөөрөл авсан байх ёстой ба хэрэв хэд хэдэн компани ижил төслөөр оролцох тохиолдолд хоорондоо тохиролцон төслийн зохиогчийн эрхээр нэг л компани бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.
Зохион байгуулагчдын зүгээс хамгийн эхэнд бүртгүүлсэн компанийг бүртгэх болно. Компани хооронд зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй.